Бурханы бэлэг. : Хорин хэдэн жилийн дараах уулзалт

Хорин хэдэн жилийн дараах уулзалт

Блогоо хөтлөлгүй их удлаа. Хааяадаа орж зарим нэг яаралтай хариулах сэтгэгдлүүдэд хариу бичиж байлаа. Зарим нэг асуусан ээж нартаа хариулахад Америкаас ирээд жил гаруй болж байнаа. Судалгааны ажлууд, хүүхдүүд, тэгээд бас Фейсбүүк гэж их ажлын хажуугаар блог хөтлөх зав гарахгүй юм. Бичмээр байгаа өчнөөн сэдвүүд байгаа ч энэ удаад А үсэг хамт заалгасан насан багын найзуудтай хорин хэдэн жилийн дараа уулзсан талаараа бичмээр байна.

Сургуулийн маань 60 жилийн ой болоод ангиараа уулзлаа. Гэхдээ хорин хэдэн хүүхдээс 10-аад л ирсэн. Мөн нөгөө ангийнхантайгаа нийлээд 30 гаруй хүүхэд уулзлаа. Үнэнийг хэлэхэд энэ олон жилийн дараа уулзахад бараг тэн хагастай нь нэрээ хэлж юмуу чи хэн билээ? гэж л мэндэллээ шт. Тэгээд нэр нэрээ мэдэлцэнгүйт яах аргагүй багын төрх нь ороод ирдэг юм байна. Ер нь хүний багын төрх бол яг л хэвээр л байдаг юм байна. Харин их таргалж жин нэмсэн хүмүүс л танигдахгүй юмуу эсвэл нэлээд хөгширсөн харагддаг юм байна.

Багын болон дунд ангийн хоёр багш маань бас ирсэн. Сайхан байсаан. Багын найзуудад ярих юм дуусдаггүй юм байна. Ялангуяа миний хувьд 8 төгсөөд өөр сургууль руу шилжсэн, тэрнээс хойш огт уулзаагүй байсан болохоор их сонин сайхан байлаа. Манай ангийн зарим хүүхдүүд болон нөгөө ангийнхан намайг багшилж байгаа гэхээр "Биеийн тамирын багш уу?" л гэж асуугаад байсан даа ккк. Аргагүй ээ, 10 жилд байхдаа тамирчин хүүхэд байсан болохоор. За тэгээд тэмцээн, тэмцээний бэлтгэл гээд л хичээлээс байнга чөлөөлөгддөг байсан болохоор манай ангийхны сургууль дээр авахуулсан зурагнуудад би бараг л байдаггүй юм билээ. 

Бид банзан гитараа тоглон багадаа дуулдаг байсан "зохиомол" гэгддэг байсан дуунуудаа дуулж тэртээ арваадхан насныхаа өдрүүдээ дурсан суулаа. Ингээд ярьж байхад 10 жилд тааруу сурч байсан хүүхдүүд гол төлөв компанийн эзэд, хэвлэлийн үйлдвэрийн эзэн ч юмуу хувиараа бизнес хийдэг болсон байх юм. Харин над мэтийн онцчууд болохоор нэг бол багш, нэг бол эмч болж. Гурван ангиас гурван доктор, хоёр ч спорын мастер сагсчид төрөн гарч.  Төрөлх сургуульдаа багш болсон хүүхдүүд ч байна. Мөн маш олон хүүхэд гадаадад амьдарч байгаа юм байна. Гадаад хүнтэй суусан ч хүн байна. Миний багын найз маань солонгос хүнтэй суугаад тэнд амьдарч байгаа юм байна. Монголд ирэхэд бид хэд уулзаж бас сайхан дурсамжаа сэргээлээ. 

Хүний амьдралд элдвийн л юм тохиолдох юм. Хэчнээн олон хүүхдүүд хоёр дахь амьдралаа зохиосон юм бэ дээ. Бас хэд хэдэн хүүхэд орчлонгоос буцжээ. Биднийг сургуульд байх тэр жилүүдэд социалист нийгмийн төгсгөл, шилжилтийн хямралын үе, амьдрал үнэхээр хэцүү байсныг бүгд л дурсаж билээ. Ямар сайндаа гэртээ идэх юм байхгүй болохоор идэх юмтай гэсэн нэгнийдээ цугларч юм олж иддэг байсан байх юм. Тэгээд 10 төгсөөд их сургуульд орох болоход анх удаа хувиараа төлбөрөө хийх болсон цаг ирсэн юм. Бидний яг өмнөх жилийнхэн төлбөргүй, оюутны стипенд авдаг үеийнхэн байсан даа. Тийм учраас 10 төгсөөд манай ангиас гэхэд 3,4 хэн хүүхэд л дээд сургуульд орсон аж. Бусдад нь төлбөр төлөх боломж үнэндээ байхгүй байж. Тэгээд ажил байхгүй, сургууль байхгүйгээс архинд орж тэр чигээрээ явсаар амьдралаас эрт явсан хүүхдүүдийн талаар сонсоод зүрх шимширч л байлаа.

Энэ уулзалтаас нэг зүйлийг олж харлаа. Тэр юу гэхээр 10 жилд онц сурах албагүй, харин хүнтэй харилцах, амьдрах ухаанд суралцах ёстой юм байна гэж. Дээр бичсэнээр тааруу сурлагатнууд маань илүү амжилтанд хүрчээ. Хүний арга эвийг олж чаддаг, номын ухаан биш амьдралын ухаанаар амьдардаг юм байна. Харин онц сурлагатнууд болохоор аливааг ёс дүрмийнх нь дагуу хийх гэсээр цаг алддаг, ялангуяа өнөөгийн Монголын нийгэмд толгой сайтай нь биш, арга зальтай нь амжилтанд хүрдэг болсон цаг. Гэхдээ амжилт гэдгийг эрх мэдэл үү, эд хөрөнгө, хангалуун амьдрал уу, аль эсвэл академик салбарын амжилт уу, нэр хүндийн алийг хэлэх эсэх нь хүн хүнд өөр өөр байх.


start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
エンフシ

Сайн уу. Америк яваад ирээ юу. Ирээд жил болжгаа юм уу хэхэ. Арван жилийн онц сурлагатай нь тэр үед ээ гайгүй явж байсан үе бий. Тэгсэн одоо бол тэр үеийн онц сурч байсан үнэнчээр зүтгэсэн хүмүүс нь амьдрал тийм нэг сонин дорой харин муу сурдаг байсан хэд нь өнөөдөр компанийн захирал болсон дарга болчихсоон явж байх жишээний.. Хошин шог дээр гардаг шиг л

Цасхан

Ямар гоё бичлэг вэ. Олоон жилийн дараа уулзах гоё мэдрэмж байх даа. Би бас хааяа төсөөлдөг юм. төчнөөн жилийн дараа тэгээд уулзахад ямар байх болоо гээд л. Нуулгүй асуухад өөрт тань ангид чинь, эсрэг ангид чинь харж явдаг банди нтр байгаагүй юу? тийм бсан бол бүүр гоё бх бх даа. Нээх хөөрхөн өөд өөдөөсөө хараал, сэтгэлийн үзүүрт бас жоохон гуниг баяр аль нь мэдэхгүй догдлолтой..... Нээх гоё гар бартал кккк

Монгол ээж

Энхүүш- Тэгсэн хө. Тааруу сурлагатнууд яагаад амжилтанд хүрээд байдаг талаар мэр сэр судалгаанууд байна. Тэрийг тэгж байгаад блогтоо тавихыг бодноо.

Цасхан- Нэг л мэдэхэд хорин хэдэн жил болчдог юм байна. Тэр асуулт бол их хөөрхөн тавигджээ ккк. Анх надад захиа өгч байсан, анх үерхэж байсан 2 банди байдаг юмаа, нөгөө ангийн. Гэхдээ энэ уулзалтанд ирээгүй. Сураг сонсоход жаахан гундуухан явцгааж байгаа бололтой. Ер нь иймэрхүү олон жилийн дараах уулзалтанд жаахан тааруухан яваа хүмүүс нь ирдэггүй юм байнаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)