Бурхан хөөрхөн охин бэлэглэлээ

2012 оны 05-р сарын 11 Нийтэлсэн Монгол

Бурхан гэв гэнэтхэн хөөрхөн охин бэлэглэчихсэн байх юм. Би өөрөө ч мэдээгүй байхад хөөрхөн охин ээжийнхээ гэдсэнд орчихсон байх юм. Одоо 5 сартай, өнгөрсөн 7 хоногт хүйсийг нь харуулж охин гэдгийг нь мэдээд ийнхүү блогтоо баяртай мэдээг тавьж байнаа.

Яагаад ийнхүү хөөрхөн охиныг мэдээгүй байсан гэхээр нэгд дахиж ийм ойрхон хүүхэдтэй болно гэж тооцоолоогүй байсан, хоёрт хүүгээ хөхүүлж байсан болохоор сарын тэмдэг ирээгүй байж байгаад жирэмсэн болчихсон байгаа юм. Тэгээд 3 сартай болтол нь мэдээгүй юмаа. Бие жаахан эвгүйрхээд байхаар нь нэг удаа тестер аваад үзсэн чинь яалтгүй жирэмсэн байна. Тэгээд Алтангэрэл болон Үйлст хоёр эмчдээ үзүүллээ. Ингээд дахиад хоёр сар болж байж сая охины маань хүйс нь тодорхой болсон.

Би жирэмсэн болсон учраас яах аргагүй хүүгээ хөхнөөс нь гаргахаас өөр аргагүй болсон юмаа. Одоо надад хөөрхөн жижиг ягаан хувцаснууд нүдэнд харагдаад байгаа, бас охиныхоо нэрийг бодож байна. Уг нь нэг нэр бодож олсон байгаа, аав нь бас бодож байгаа. 

Хүний амьдрал ямар амархан үгүй болдог юм бэ?

2012 оны 03-р сарын 22 Нийтэлсэн Монгол

Өнөө өглөө би осолд орох шахлаа. Хэрэв Бүтээгч Бурхан, Есүс эзэн гэдгийг би мэддэггүй байсан бол одоо ингээд блог бичиж байхгүй байсан байх. Юу болсныг бичихэд өөрийн эрхгүй гар чичирч “Хүний амьдрал ямар амархан дуусахаар юм бэ” л гэж бодож байна. Манайх Санзайд буюу хотоос 30 км зайд шинээр баригдсан хаус хотхонд өвөл нүүж ороод би гэдэг хүн өглөө орой бүр машинаараа ажилдаа очдог болсон юм. Ерөнхийдөө замаа сайн мэднэ, хаана ямар нүх, ховил байгаа энэ тэрийг. Би 6 жил шахуу машин барьсан хэрэндээ л туршлагатай жолооч, ямар нэг осолд ер өртөж байгаагүй юм, уг нь.

Өнөө өглөө Санзайд цас ороод их гоё өглөө байлаа, гадаа гоё болохоор урамтай ч гараад явсан юм. Цастайд эргэлтүүд болон зарим нэг ноцтой газруудаар мэдээж удаан болгоомжтой явж, аюулгүй шулуун замдаа бол 60-70 км/цагтай явдаг юм. Сая бол гэрээс дөнгөж гараад 1 км орчим л явсан, 60-тай л явж байсан. Тэгтэл замын голд нэг нохой гэнэт ороод ирэхээр нь тойрох маягтай дараад буцаж эгнээндээ орох гэтэл шарваад ямар ч зогсох боломжгүй болж тэрхэн зуур замаас гарч жалга руу ороод нэг айлын хашаанд тулан алдаад зогссон. Тэр хэсэг хоромд ганцхан л юм бодогдож аманд орж ирсэн нь “Бурхан минь туслаач” гэсэн үг байлаа. Өөр юм бодох ч цаг байдаггүй юм билээ. Осол гэдэг ямар ч хурдан болоод өнгөрдөг юм. Жолооч хүн бол машинаа яаж ийгээд л зогсоохыг л оролддог юм билээ. Тэгээд машинаасаа гарч ирээд явсан замаа харсан чинь сая айдас төрсөн. Аягүй эгц жалга руу ороод цасан хунгар маягтай юм руу шигдээд зогссон байна. Бүсээ зүүсэн байсан тулдаа юм хум мөргөсөнгүй би өөрөө гэмтэлгүй гарчээ. Машины урд хоёр дугуй будаа. Бас тэнхлэг нь ч эвдэрсэн байж магадгүй.

Нөхрийнхөө жолоочийг дуудаж хот руу хүргүүлсэн. Жолооч миний явсан замыг хараад “Яаж онхолдоогүй юм бэ, жалга руу уруудахдаа зөвхөн нэг талын хоёр дугуйгаараа л орж ирсэн байна шүү” гэдэг байгаа. Хоёр дугуй нь газраас хөндийрчихсөн явсан байнаа, аймаар юм. “Жип тулдаа онхолдолгүй орж ирсэн байх, жижиг тэрэг бол хамраараа урагшаа мөргөөд хэд эргээд явчих байсан. Бас ч гэж хурд багатай явж, арай хурдтай явсан бол онхолдоод айлын хашааг цөм мөргөж байж нэг юм зогсох байв” гэнээ. ( Би Nissan Extral унадаг юм)

Ингээд энэ бүхний эцэст намайг ямар ч байсан Бурхан харж байж, машин маань нэг талын хоёрхон дугуйн дээрээ тогтон жалга руу орох үед нөгөө талаас түшиж онхолдуулалгүй аварсан байна гэдгийг ойлголоо. Бас хүний амьдрал гэж ёстой нөгөө хумхын тоос шиг л хоромхон зуур дуусах юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Хүний амьдрал гэж дэндүү их үнээр олдоод дэндүү амархан дуусчихдаг юм бишүү. Машин маань онхолдоод хэд эргэсэн бол нэг бол би үхсэн байх, нэг бол тахир дутуу болоод дуусах байж гэж бодохоор арай дэндүү хурдан бүх юм орвонгоороо эргэчихдэг юм байнаа.

Дээр үед, арван хэдэн жилийн өмнө сүмд хамт явдаг нэгэн танил охин маань (тэр үед бид оюутан байсан) 6 давхраас хүчинд автан унаад амьд мэнд төдийгүй, нуруундаа жаахан гэмтэлтэй л гарсан. Тэгэхэд Христэд итгэгч биш найзууд нь “Чиний Есүс чинь чамайг унаж байх үед нуруун дээрээс чинь татаж байгаад зөөлөн газардуулсан байхаа” гэлцэж байсан нь санаанд орлоо. Тэр охин нурууны гэмтлээ эдгээгээд дараа нь бодибилдэнгээр хичээллээд нэлээн нэрд гарч багш болсон. Сая надад тохиолдсон явдал үүнийг өөрийн эрхгүй сануулж байх юм.

Бүтээгч Бурхан өөрийн хүмүүсийг цаг ямагт харж, хамгаалж байдаг нь ямар агуу вэ? Тэгээгүй бол би өдийд амьд байх байсан уу, ямар байх байсан гэдгийг бодохоос ч аймар байна.

Үр хүүхдээ ерөөж байгаарай!

2012 оны 03-р сарын 22 Нийтэлсэн Монгол

maranata.mn сайтаас татаж авлаа. http://www.maranata.mn/news/life/812-2012-03-09-04-04-45.html

Дерек Принсийн "Ерөөл эсвэл хараал: Сонголт нь таных!" номын 90-р тал дээр "Эрх мэдэлтэн" гэсэн бүлэг бий. Тэнд аав хүн үр хүүхдүүдийнхээ амьдралд ямар их нөлөөтэйг бичсэн хэсгээс та бүхэнд товч өгүүлье:

"Эр нөхрийн гэргийнхээ дээр тогтоох эрх мэдлээс хол аугаа эрх мэдэл бол үр хүүхдийнхээ дээр тогтоох аавын эрх мэдэл юм. Энэ болбоос бүх эрх мэдэл бүхий харилцааны хамгийн гол суурь бүлгээ. Үнэн хэрэгтээ энэ нь Тэргүүн болох Бурхан Ааваас Хүүд хандах мөнхийн харилцааны өргөжилт юм. 
Аавын ерөөл сайн сайхныг төрүүлэх хязгааргүй чадвартай байдаг шигээ, хараал нь мөн мууг төрүүлэх эн тэгш чадвар агуулна. Зарим үед ийм хараалыг санаатай шивших ч бий. Гэхдээ ихэвчлэн нөхөр эхнэрийн харилцаанд байдагтай  адил аавынх нь санаандгүй хэлсэн үгс үр хүүхдэд нь хараал болж буух тал бий. Одоо миний хэлэх жишээ бүр нь миний биечлэн уулзаж явсан хүмүүсийн амьдралын бодит үнэнийг агуулсан болно. 
Гурван хүүтэй аав байжээ. Аав ууган хүүдээ анхны үр учраас амь байдаг. Отгон хүү нь ер бусын авъяас чадвартай, хүмүүсийн хайрыг татах билэгтэй байв. Харин дунд хүүд эдгээр чанарын аль нь ч байсангүй. Тэрбээр эцэгтэйгээ таарамж муутай байдагтаа шаналавч, дотроо л хадгалдаг байв. Улмаар аав нь өөрийнхөө  хэзээ ч шийдэж чадаагүй сул талаа хүүгээсээ олж хараад, байнга чичлэн шүүмжилнэ. Өөрийгөө буруутгаснаас, хүүгээ яллах нь түүнд арай зовиургүй байжээ. 
Энэ бүхний үр дүнд хүү аавынхаа тааллыг хэзээ ч олсонгүй. Тэрбээр аавдаа таалагдах гэж мэрийхээ ч болив. Харин аав нь хүүгийнхээ энэ байдлыг зөрүүд зан гэж хөрвүүлнэ. “Чи хичээх ч үгүй байгаа биз дээ! Залхуу амьтан! Энэ хэвээрээ чи өөдлөхгүй дээ!” сэлтийн үгсээр дургүйцлээ илэрхийлэх нь улам л олдов. Насан турш ороож мэдэх муу ёрын хувь тавилан хүү дээрээ дуудаж буйгаа аав огт ухаарсангүй. 
Аавынхаа хэлсэн хөнөөл бүхий сөрөг, шүүмжит үгсээс болж амьдрал нь хазайсан олон эртэй би уулзаж явлаа. Эдгээр уулзалтын үр дүнд би, иймэрхүү үгс нь угтаа хараал болохыг ухаарч ойлгосон юм. Цагийн урсгал тэдний үр нөлөөг хугаслахгүй. Хүүхэд ахуйд нь хэлсэн аавынх нь үгс нас тогтсон эрчүүдийн амьдралыг нэрвсээр байж болох. Үүнийг хараал мөн болохыг хүлээн зөвшөөрч, Бурханы жорыг хэрэглэх нь энэ бүхнийг шийдэж чадах цорын ганц үр дүнтэй арга мөн. 
Жэк Мэри, Жим Жэйний түүх янз бүрийн хувилбартай байсантай адил, энэ тохиолдолд ч бас хувилбар бий.  Жишээлбэл, уран гартан аавд ямар ч гарын дүйгүй хүү заяажээ. Хэд хэдэн ажлыг бантагнуулж орхисны дараа аав нь хүүдээ “хоёр гарт!” хэмээн дуу алдав. 
Аав нь бухимдаж бус, хошигнож хэлсэн ч байж болно. Гэвч энэ үгс хүүд нь үр нөлөөгөө үзүүлэх л болно. Гучин жил өнгөрлөө ч, тэрбээр хамгийн энгийн ажил хийхдээ ичгүүр юмуу айдаст автсаар байж болох. Амьдралынх нь хамгийн урагшгүй тал энэ л болов. Гэтэл хүү ур чадвар хомсдоо бус, харин өөртөө итгэх итгэл дутсандаа ийм байдалд орсон байж болох. Хүүхэд байхад нь аавынхаа санаандгүй хугалсан итгэлийг хөвүүн сэргээн босгож хэзээ ч чадаагүй ажээ. 
Охид ч бас аавынхаа сөрөг үгийн нөлөөнөөс болж зүдэрч болно. Тухайлбал нүүрэн дээр туурсан батгаа нуух гэж элдэв оо тос түрхлэн, өглөө бүр толиныхоо өмнө хэдэн цагаар эргэлдэх охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр хүлээж буй аав охиныхоо цагаа барьдаггүй байдалд асар их цухалдах болов. Нэг өдөр охин нь оройтдог цагаасаа ч хоцорсон тул аавын уур савсан: “Шал дэмий цаг барсан юм хийх юм” хэмээн зандраад, “Ер нь наадах чинь хэзээ ч арилахгүй дээ!” гэж үг буулгав. Хорин жилийн хойно хань ижил, үр хүүхэдтэй болсон охин нь батгаа нуух гэж цөхсөн хэвээрээ л үлджээ."
Үр хүүхдэдээ өгч чадах хамгийн том бэлэг бол аав ээжийн ерөөл юм шүү. Үр хүүхдээ өдөр бүр ерөөж байгаарай! Дерек Принсийн энэ номыг эцэг эх та бүхнийг заавал уншихыг уриалж байна. 
Номыг Амьд Үг чуулган, СЮ номын дэлгүүрээр зарж байна.

Хөхнөөс хэрхэн гаргах вэ?

2012 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Монгол

Хүү маань нэг нас 2 долоо хоногтой болох гэж байна. Хөхнөөс гаргах болоод байнаа. Сая би 4 хоног хөдөө ажлаар яваад өчигдөр ирлээ. Намайг эзгүйд шөнөдөө яах бол гэж санаа зовж байсан чинь харин ч гайгүй байж. Хүү маань шөнөдөө л их мээм хөхдөг, өдөр ажилтай болохоор. Тэгтэл эзгүй байсан шөнүүдэд ерөнхийдөө гайгүй, уйлаагүй байна. Гэхдээ шөнө заавал нэг сэрж 1-2 цаг сэрүүн байж цай энэ тэр ууж тоглож байгаад унтаад байсан байна. Өчигдөр харин намайг ирсэн чинь мээмээ мартчихсан бололтой байна. Ээждээ тэврүүлэх гээд байхаас биш мээм хайхгүй овоо байнаа. Тэгснээ нэг удаа яг энгэр ухах шахахаар нь бушуухан мартуулсан. Даанч шөнө нь унтахгүй уйлаад 12,30-д л унтлаа. Би авч бүүвэйлээд нэмэргүй, асрагч нь авч бүүвэйлээд нэлээн юм болж уйлж байж арайхийж унтсан. Үүрээр бас сэрээд 1 цаг гаруй байж байгаад унтсан. Нэгэнт гаргая гээд шийдсэн болохоор одоо эргэлт буцалтгүй гаргах хэрэгтэй гээд байх юм. Өчигдөр уйлахаар нь өрөвдөөд мээм хөхүүлэх гэсэн боловч хөхөхгүй гайхаж харааад байсан. Тэгээд одоо ингээд гүрийгээд гаргачихья гэж бодоод.

Одоо харин хэдий болтол хүү маань шөнө ингэж уйлж сэрээд байх болоо?  Хүүхдээ ийм багад нь хөхнөөс гаргасан ээж нар байвал зөвлөөч. Ахыг нь бол бүр 3 хүртэл нь хөхүүлж байсан юм. Хүүгээ арай эрт гаргаж байгаа санагдаад хэцүү байнаа. Хүү маань уг нь сооско хөхдөг байсан чинь 9 сартайгаасаа хойш хөхөөгүй одоо бүр больсон байна лээ. Ингээд шөнө бол бүүвэйлэхээс өөр арга алга. Хэзээ хүү маань тайвширч шөнө сайн сэрдэггүй унтах болоо?

Блогийн ээжүүд маань аль оны өмнө Сод-Эрдэнэ хүүд туслахаар хандив цуглуулж байсан, одоо ч өгчихсөн байх. Харин би тэр үед завгүй явсаар байгаад одоо л нэг бүр цаг гаргаж тусламж өгье гэж бодлоо. Тэгээд Грийнмамагийн блогноос Сод-Эрдэнэ хүүхдийн талаарх мэдээллийг аваад тавьлаа. Тусалж амжаагүй хүмүүс доорх банкны дансаар нь шууд мөнгөө явуулж болох нь.

ХҮҮД МИНЬ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭЧ ХҮМҮҮСЭЭ!

Миний хүү Н.Сод-Эрдэнэ нь 2009-10-13 төрсөн. Одоо 2 настай . Хүү маань төрөхдөө өрөөсөн гуя нь хавантай төрсөн бөгөөд рентген зураг авахуулахад гуяны хэсгээр хугаралттай байсан. Зураг авах хүн хүрэх бүрт яс нь хугарч байсан. Эхээс төрөөд 3 хоноод УБ хотын Хүүхдийн Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Очоод мөн яс нь хүрэх бүрт нэмэгдэж хугарсаар байсан. Хүүгийн маань эгэм, аюулхай орчим, нуруу, шуу, 2гуя, 2шилбэ зэрэг бүхий л газраа хугаралттай. Ялангуяа 2 гуяны хэсгээр олон удаа хугарсанаас эдгэх үедээ буруу бороожилт явагдаж зөрүүтэй эдгэрдэг. Хэдий хүнд өвчтэй ч цовоо сэргэлэн хайр бэлгэлсэн хүүгээ хараад энгэртээ тэвэрч хайрлах хүсэл их байвч хамаагүй хүрч болдоггүй. Хөдөлгөөнд орох тусмаа өөрөө өөрөөсөө хугарч бэртдэг болохоор байнгын хатуу хавтан дээр шохой чиг тавиатай хооллож, унтуулж, тээвэрлэж байнгын асаргаа сувилгаанд байдаг. Монголд- Төрөлхийн ясны хэврэгшил эмэг, Тархины даралт усжилттай гэсэн оноштой ба Монголд эмчлэх боломжгүй гадаад оронд ясны нарын шинжилгээ хийлгэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Энэ дагуу хэд хэдэн орон уруу рентген зураг явуулахад Солонгос улсаас хүүг маань эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн. Хариу ирэхдээ эмчилгээний төлбөр замын зардал бүгд нийлээд 70 сая гаруй төгрөг гэсэн байсан. Хүн болох гэж зүдэрч яваа хүүг минь эмчлүүлэхэд сэтгэл санааны болон эдийн засгийн хандив,тусламж үзүүлээч Монголын сайхан сэтгэлт ахан дүүс минь!!!
Хандивын Данс: -ХААН БАНК- 5360399971
-ХААН БАНК-ДОЛЛОР-5360400604
-ГОЛОМТ БАНК-5405005585
-ХАДГАЛАМЖ БАНК-28170001180
Холбоо барих утас-96613233, мэйл хаяг: maagii0215@yahoo.com

Аав ээж нараа туслаарай!

2012 оны 02-р сарын 16 Нийтэлсэн Монгол

За бас нэг асуудал гараад блогчдоосоо тусламж авахаас өөр аргагүй боллоо. Би дээр нэг бичлэгтээ хувийн сургууль цэцэрлэг ба улсын сургууль цэцэрлэгийн талаар бичихдээ хүүгийнхээ талаар дурьдаж байсан. Хүү маань нэгэн математикийн гүнзгийрүүлсэн хувийн сургуулийн 5 дугаар ангид сурдаг, өдөр бүр математик ба сонгоны хичээлүүд орж 16 цаг хүртэл хичээллэдэг, бусад хичээлүүдийг бол сургуулиас нь огт ойшоодоггүй, биеийн тамирын заал энэ тэр байхгүй гэж бичиж байсан. Тэгтэл хүү маань одоо жаахан залхах шинжтэй болсон байнаа. Багш нар нь ойр ойрхон солигдоод ер нь онцгүй байгаа. Тэгээд одоо хүүгээ англи хэл үздэг өөр гайгүй хувийн сургууль руу шилжүүлэх гээд байнаа. Мөн биеийн тамир энэ тэр ордог, хүүхдийг бүх талаар нь хөгжүүлэх боломжтой орчин бүхий сургуульд шилжүүлмээр байна. Улсын сургуульд өгөх гэхээр 5 жил төлбөр төлөөд англи хэл энэ тэр үзээд гүнзгийрсэн хүүхдийг ердийн сургуульд оруулахад арай болмооргүй санагдаад. Дээрээс нь дандаа цөөн хүүхэдтэй цэцэрлэг, сургуулиар явсан хүүхэд шахалт дарамт ихтэй, 40, 50 хүүхэдтэй дунд сургуульд ороод барьц алдах байх гэж бодоод байнаа.

Ингээд хаана ямар гайгүй сургууль байна вэ? Шинэ Монголыг судалж үзлээ 5 сард элсэлт зарлаж 5 дугаар анги төгсч байгаа хүүхдүүдээс шалгаруулж авдаг гэнэ. Тэр болтол өөр гайгүй сургууль олдвол шилжүүлэх гээд. Ингэхэд Шинэ Монгол ямар сургууль юм болоо? Веб сайтаас нь харахад гайгүй л санагдаж байна.

Та нарын хүүхэд эсвэл дүү нараас чинь гайгүй хувийн сургуульд сурдаг бол санал бодлоо хуваалцаж зөвлөгөө өгөөч.

Хүү маань анхны гадаад аялалдаа яваад ирлээ

2012 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Монгол

Сая 4 өдөр Гонконг яваад ирлээ. Хүүгээ авч явах уу, байх уу гэж бөөн юм болж байж аавын авч явна гэсэн хүчтэй байр суурийн дагуу яваад ирлээ. Тэгээд сайн явлаа. Санасныг бодоход элдэв хүндрэл, асуудал гарсангүй. Хүү маань Гонконгт энд байдгаас илүү сайн унтаж байсан. Гэдэс гүзээ энэ тэр нь хямарсангүй, ханиад шуухинаа туссангүй. Гэм нь бантан тасраад сүүлийн өдөр нь оройдоо жаахан ууртай байсан. Уг нь бантан буцалгах сав, энэ тэр гээд бөөн юм бэлдэж авч явсан боловч аяллын хугацаанд буудалдаа очоод бантан хийгээд байх боломж ганцхан удаа л гарсан. Өглөөдөө азаар буудал нь будааны зутан өгдөг юм байна, тэрнээс идээд гардаг. Өдөртөө жимсний нухшаа идээд оройдоо бол хааяа тааралдсан хоолны газраас талх, будаа, шөл гэх мэт идэж болохуйц ганц хоёр юм таарвал өгөөд байсан. Гэхдээ Хонконг Европтой харьцуулахад нялх хүүхдэд идэх юм ховор газар юм билээ. Бага хүү маань байтугай том баньдид маань хүртэл идэх юм олдохгүй байлаа. Хүү маань хятад хоол идэж чаддаггүй, Макдональдс-с бургер, чийпс авч идэж байсан. Тэгтэл Диснейландээр нэг өдөр бүтэн явсан чинь дан хятад хоолны газар байдаг юм байна. Тэндээс ах дүү хоёрт аль алинд нь идэх юм олдоогүй.

Хүүгийн маань хоол нь багадаад өглөө бүр баадаг нь багасаад нэг өдөр бүр огт баасангүй, жаахан шуугдсан байнаа. Гэхдээ угаасаа жингийн илүүдэлтэй болохоор гайгүй л дээ. 

Нялх хүүхэдтэй яваа болохоор дэлгүүр хоршоо энэ тэр хэсэх цаг гараагүй, угаасаа ч шоппинг хийх зорилгогүй, том хүүдээ юм үзүүлэх зорилгоор явсан болохоор. Далайн аквариумаас бусад гадаадын жуулчид үздэг бүх л юмыг үзээд ирлээ.

Манай блогчид хүүхдээ аваад явах уу, яах уу гэхэд их олон зөвлөгөө өгсөн байсан, ингээд зөвлөгөө бичсэн хүн бүрт баярлалаа гэж хэлье. Нэг нь бичсэн байсан Хонконгийн буудлын өрөө нь айр кондиншнтэй их сэрүүхэн гэж. Яг тийм юм билээ. Өрөөнд бараг гаднаас хүйтэн байсан. Харин сэрүүн тусмаа хүү маань сайн унтаж байсан шүү.



Ойрд зарим нэг асуудал байна

2012 оны 01-р сарын 31 Нийтэлсэн Монгол

Манайх хотоос гадагш нэг шинэ баригдсан хотхонд байр аваад нүүж ороод нэг сар болж байна. Хүүхдэд маань цэвэр агаартай болохоор тэндээсээ одоо хотын байр руугаа орж ирэхгүй гэж шийдээд байгаа.Гэхдээ хотоос 30 гаруй км зайтай болохоор ажилдаа явахад жаахан асуудалтай, оройдоо ялангуяа заримдаа аймаар санагддаг, эзгүй хээр шөнө явж байгаад машин эвдэрвэл яана гэж бодогдсон. Өглөөдөө ч гоё юм билээ, нар мандахтай уралдаад хот руу ороод ирнэ, ердөө 30 минутад ажилдаа ирчихнэ.

Яг энэ хугацаанд аав нь бас гадагшаа яваад бараг сар болоод өчигдөр ирсэн. Тэгсэн хүүгийн маань гэдэс гэх юмуу баасны цаг солигдоод болдоггүй. Үүрээр 5,6 -ийн үед сэрж баадаг болоод байна. Бас сүүлийн 2 өдөр гэдэс нь хямраад шингэн баагаад. Шинэ байрны уснаас болж байна уу гээд дандаа цэвэр усаар хүүдээ хоол цай өгч байгаа уг нь. Өчигдөр болохоор Стимо-гийн Сүүт боовыг шинээр идүүлсэн юм, тэгтэл орой шөнөдөө баагаад. Уг нь сайн идэж байна гээд идүүлээд байсан юм, тэр боовноос болж гэдэс нь хямардаг юм байх даа? Өөр шинэ юмуу хурц хоол идээгүй.

Ингэхэд Сүүт боовны найрлагад хүүхдэд хурцдах юм ордог юм байх даа?

Хүү маань горшокондоо багтдаггүй ээ

2012 оны 01-р сарын 31 Нийтэлсэн Монгол
Хүү маань бүр 1,2 сартайгаасаа баах үедээ тосуулж сурсан юм. Тэгээд суудаг болохоор нь горшок авч өгнө гэж явсаар зав болдоггүй, заримдаа дэлгүүр орохоороо мартчихаад байсаар сарын өмнө нэг хөөрхөн горшок олж авлаа. Түшлэгтэй сандал шиг, харахад их эвтэйхэн. Тэгээд суулгаад үзсэн чинь хоёр гуяараа хавчаад багадаад байх юм. Ингэхээр өөрөө ч дургүй байна. Одоо тэгээд аанай л өглөөдөө тосуулж баадаг хэвээрээ. Уг нь "за баагаарай" гэхийг сайн ойлгоод баадаг юм. Даанч горшокондоо багтдаггүй. Түшлэггүй ердийн горшок л алсдаа авахаас гэж бодоод одоохондоо орхичихоод байнаа. 

80 см урт залуу

2012 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Монгол
Хүү маань 10 сартай 13,700 гр жинтэй 80 см урт залуу юм байна. Аймаар бүдүүн байх үетэйгээ харьцуулахад овоо тураад өндөр залуу болсон байна, 

Хүү 10 сартай боллоо

2012 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Монгол

Хүү маань хэд хоногийн өмнө 10 сар хүрчлээ. Одоо юу юу хийж байгааг бичье.

  • Авахыг хүссэн юм руугаа хуруугаараа заагаад дуугардаг 
  • Номны хуудсыг "За эргүүлээрэй" гэхээр их хөөрхөн эвтэйхэн эргүүлээд байдаг
  • Ёолк, чийдэн, машин, бөмбөг, хөгжим, ном, хүүхэлдэй зэрэг нэлээд олон эд зүйлсийг аймар сайн мэддэг
  • Хүний хэлснийг дуурайж хэлдэг, нүүрээ хувирлыг аягүй сайн дуурайж байгаа
  • Май гээд өгөөрэй гэхээр авсан юмаа өгдөг болсон
  • Хүний хэлснийг ер нь ойлгоод байгаа
  • Ахтайгаа их тоглох дуртай болсон, ахынхаа бууг аваад буудах маягийн дуугардаг
  • Машин гартаа бариад дүү дүү гээд дуугарч тоглодог
  • мээм, мама, ээдээ гэсэн үгнүүдийг их сайн хэлдэг. Хэд хоногийн өмнө цонхоор тагтаа харж байхаар нь тагтаа гээрэй гэсэн чинь "дадаа" гэж их хөөрхөн хэлсэн.
  • Алгаа ташаарай гэхээр харин гуян дээрээ алгаараа цохиод байдаг
  • Элгэдээд мөлхөөд байдаг болсон
  • Хоолны хоббитой, хүн юм идэхийг андахгүй, хөлд оруулагчин дээрээ гүйж ирээд нэхээд байдаг.
Хүү маань сая ханиад юмуу хоолой нь өвдөөд одоо эм ууж байна. 2 шөнө жаахан халуураад өчигдрөөс гайгүй болоод байна. Сониноос Bebevita гэдэг Германы нухаш иддэг болсон. Оросын фруто няня-гаас сайн юм билээ. Фруто няня сахаргүй нь хүртэл их чихэрлэг байдаг бол Bebevita нь жинхнээсээ чихэргүй, харшил өгдөггүй юм билээ. Мэдсэн бол анхнаасаа энэ нухшийг өгдөг байж.

Хүүхдээ аваад явах уу, яах вэ?

2011 оны 12-р сарын 27 Нийтэлсэн Монгол

1 сард дунд сургуулийн улирлын амралт эхлэхээр бид хоёр хүүхдүүдээ аваад Гонконг явах төлөвлөгөөтэй байгаа. Тэгсэн чинь 10 сартай жаалыг аваад хэд хоног гадагшаа явна гэдэг бөөн асуудал юм байнаа. Хамгийн гол нь бантангаа яаж идэх вэ, Гонконгийн буудалд мэдээж бантан захиална гэж байхгүй, тэгэхээр эндээс жижиг аяны хөргөгчинд махаа хийгээд, бас газын плитка, сав энэ тэрийг нь аваад явах нэг арга байгаа юм. Гэтэл онгоцоор энэ мэтийг явуулах болов уу яах бол? Хүү маань өдөрт 2 удаа махан хоол иддэг. Харин оройныхыг нь төмс ногооны зутан шөл гэж захиалбал ресторанд нь хийж өгөх болов уу яах бол? 

Хүү маань бор хоолонд ороогүй байсан бол мээмээ идээд л амар байх байж. Хоолонд орсон хүүхдийг аваад гадагшаа хэд хоног явна гэхэд их хэцүү юм байна. Тэгээд орхиод явдаг ч юм билүү гэж бас бодоод байна. Яадаг ч юм билээ?

Бас Диснейлэндээр нэг өдөржин явах санаатай байгаа, тэр үеэр хүү маань яах бол, буцаж буудалдаа ирж бантан хийж идээд эргэж явах уу? Очих болон ирэхэд бүтэн өдөр онгоц, машин энэ тэр гээд бөөн явдал болно. Бантан ч идэх боломж олдохгүй байх. Нэг өдөр нь хотоор  бас явна, тэр үед хүүхэд маань яах бол? гээд эргэлзээтэй түмэн асуудал байх юм. Тэгээд манай ээж, аав нараас ийм жаахан хүүхдийг аваад гадаад явсан туршлага байвал хуваалцаач гэж хүсч байнаа. Хүүхдээ аваад явах уу, орхиод явах уу? Яах вэ?

Хүү их юм сурч байнаа

2011 оны 12-р сарын 27 Нийтэлсэн Монгол

Ойрын хэд хоног хүү маань маш олон юм сурч хүн ирэхэд авьяасаа үзүүлэх дайны болчихсон байх юм. Хэд хоногийн өмнө эмээ нь ирсэн чинь баахан юм үзүүлдэг байгаа. Бүжиглээрэй гэхэд шууд л бүжиглээд эхэлсэн. Тэр үед аав нь гадагшаа явсан байсан юм. "Аав нь хаачсан билээ? " гэж асуусан чинь "дүүд дүүд" гэж машин болж дуугараад явсан гэж байна. Баяртай гээрэй гэхэд гараараа даллаад. Эмээ нь бүр гайхаад явсан. Бас уржигдар ээж рүүгээ ирэх гээд байсан чинь аав нь "мээм гээрэй" гэсэн чинь "мээм " гэж аягүй тод хэлдэг байгаа.

Өчигдөр бас мама гээрэй гэхэд мама гээд байсан. Аягүй хурдтайгаар шинэ юм тогтоогоод байна. Гацуураа засаад тавьсан, тэгээд хүүдээ "ёолк" гээд заагаад өгсөн чинь одоо "ёолк хаа байна?" гэхэд мод руугаа хараад байдаг. Хоол, май, хэвт, чийдэн, нааш ир гэх мэт ойр зуурын нэлээд үгсийг мэддэг болоод байгаа. Ингээд бодсон чинь 9 сараас 10 сар хүрэх хооронд харилцааны болон оюун ухааны тал дээр хүүхэд аймар хурдан хөгждөг юм байнаа. 

Харин биеийн хөгжлийн хувьд хүү маань мөлхөөгүй л байна. Бандгар болохоор хөлд оруулагчиндаа л гүйсээр мөлхөж сураагүй. Дээрээ 2, доороо 3 шүдтэй. 12 сард вакциндаа орох байсан чинь салхин цэцэгтсэн гээд ороогүй, одоо шинэ он гарангуут вакцин хийлгэнэ.

Блог маань 1 нас хүрч хүү маань 9 сартай боллоо

2011 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Монгол

Блог маань нээгдээд 367 хоног болжээ. 6 сартай жирэмсэн байхдаа анх блогоо нээж байсан бол одоо хүү маань 9 сар 10 хоногтой том жаал болчихсон байх юм. Нэгэн бодлын хурдан өнгөрчээ. Өнгөрсөн жилийн яг өдийд их л асуудалтай байлаа. Байнга тонус өгөөд л, лекц ороод нэг цаг зогсохоор л хатуураад байдаг. Яаж ийгээд дутуу төрчихгүй хүүхдээ гаргах юмсан л гэж хичээж байлаа.

Блог нээгээд 1 жил болоход уг нь завтай бол баахан "хамгийн хамгийн" шалгаруулая гэж бодсон юм. Гэвч зав байдаггүй. Ямар ч байсан хамгийн олон нээгдэж уншигдсан сэдэв бол "Гурван гал эмнэлэгт гэртээ байгаа юм шиг байлаа" гэсэн бичлэг байна.2188 удаа нээгдэж 54 сэтгэгдэл бичсэн байна

Харин одоо хүү маань энд тэндгүй хөлд оруулагчтайгаа гүйгээд, элдвийн зүйлийг барьж үзэж судлаад. Хөгжим дуугарах юмуу хүн дуу аялангуут л бүжиглээд байдаг хөдөлгөөнтэй залуу болсон. Бүжиглэхдээ рок маягаар толгойгоо сэгсэрч бүжиглэнэ. Мэдрэмж сайтай. Инээх, бүжиглэх 2 т их дуртай. Бас тв-ээр реклам үзэх, тэр дундаа загвар өмсөгч Одгэрэл гарангуут өөрийн эрхгүй инээгээд байдаг, марзан залуу болжээ. Одоо яг томчуудын нойртой адил орой цуг унтаад өглөө цуг сэрдэг болсон.  9 сартай залуу маань дороо гурван шүдтэй дээрээ шүдгүй.

Мөлхөөгүй л байна. Бүдүүн хүүхдүүд бараг мөлхдөггүй байсаар хөлд ордог, ах нь бас тэгж байсан юм. Үс нь ургасаар одоо бүх үсийг нь орой дээр нь нийлүүлээд нэг боочихдог болохоор яг сумо шиг харагддаг. Хоолны хувьд сонголт цөөтэй л байгаа. Жимсний нухаш, бантан, төмсний зутан шөл иддэг. Бантангаа үхрийн болон тахианы махтай гэж хоёр янзаар иднэ. Тараг тогтмол өгч чадахгүй байгаа. Сайн тараг олдохгүй байна. Хааяадаа бифидо тараг уудаг. Заримдаа энэ тараг сонин шингэн байхаар нь өгдөггүй. Оросын йогурт авч өгдөг юм билүү гэж бодож байна. Ах нь йогурт л ууж өссөн юм. Махан хоолонд сайн юм шиг байгаа юм. Цайг аягаар өгөхөөр уухгүй тоглоод байдаг мөртлөө шөлийг аягаар нь дор нь хөнтөрчихдөг.

Памперснаас гараагүй, горшок хараахан авч өгөөгүй л байна. Уг нь тосвол шууд шээж баадаг, даанч тэр болгон тосоод байж чаддаггүй.

9 сар хүрэнгүүтээ ээжийгээ аймаар дагадаг болдог юм байна. Ээж л нүдэнд харагдвал эрхлээд л хүрээд ирнэ. Нүдэн дээр нь гарч болохгүй, шууд дагаж уйлдаг болсон тул эргэж харах юмуу нүдийг нь хариулж байгаад гардаг болсон.



Хоолны ширээтэй боллоо

2011 оны 11-р сарын 22 Нийтэлсэн Монгол

Хүүдээ dalai.mn-ээс хоолны ширээ захиалж өглөө. Хүүхдэд тухтай, олон функцтэй аятайхан юм байна. Хүү маань Бэби сувилалд хүүхдийн хоолны ширээн дээр сууж иддэг болсон юм. Тэгээд сувиллаас ирээд үүнийг авахаар судалж байгаад dalai.mn-ээс үзсэн чинь их олон төрлийн бөгөөд үнэ нь боломжийн байсан юм. Ингээд 11 сарын 9-нд захиалаад өнөөдөр буюу 13 хоногийн дараа авлаа. ( Хүүдээ авсан ширээний зураг dalai.mn-ээс татаж авч болохгүй байсан тул үүнтэй төстэйг орууллаа.)

Намайг захиалахад үнэ нь  147280 байсан бөгөөд 10 кг орчим болох байх гээд 20000 төгрөг, хүргэлтийн 2000 төг болсон. Харин сая dalai.mn рүү ороод харсан чинь үнэ нь 155240 төг болж жаахан нэмэгдсэн байна. Аз дэлгүүрт үүнийг арай гүйцэхгүй, функц багатай нь 230 мянга орчим байсан. Ингээд бодохоор бас хямд тусч байна. Мөн Aveeno-гийн харшилтай хүүхдийн тосыг Америк дэлгүүрүүдээс хайгаад олоогүй, харин dalai.mn-нээс 29 мянгаар бас захиалж авлаа. Энэ мэтээр Монголоос хайгаад олдохгүй хүүхдийн эд зүйлсийг эндээс авахад их боломжийн санагдлаа.